Золоогийн Блог
Миний Хайр Миний Амьдрал Миний Ажил Миний Эх орон
Wednesday, January 2, 2008
Wednesday, December 5, 2007
Монгол улс 83 жилийн өмнө байгуулагдсан уу?
Хэд хоногийн өмнө 11 дүгээр сарын 26-ны нэгдэх өдөр орон даяар амарлаа. Амардаг болоод бараг хориод жил болж байна. Улсын бага хурлаас март, октъябр, майн нэгэн гэсэн гурван амралтын өдрийг хасаад оронд нь 11-р сарын 26, мөн цагаан сараар амруулж байхаар тогтсон юм. Цагаан сар ч яахав, ойлгомжтой. Харин яахаараа 11-р сарын 26-нд амарч баяралдаг билээ?Социализмын үед энэ өдрийг төдий л тоодоггүй байсан юм. Харин ерэн оноос хойш “улс тунхагласны баяр” гэж нэрлэн зурагтаар хуучны хувьсгалт кино үзүүлж баярлах болжээ. Киноны үйл явдал түүхийн үнэнийг гуйвуулж дамшигласан сэдэвтэй. Монгол улс байтугай орчлон ертөнц 1921 онд анхлан үүссэн ч юм шиг. Баярын цаад ач холбогдлыг төдий л анзаардаггүй, баярлах болсонд нь баяралдаг нь бидний унаган зан болохоор огт тоодоггүй. Тархай бутархай амьдралтай нүүдэлчдийн хувьд биентэйгээ уулзах нь нэг ёсны баяр байжээ.
Махсана гэгчээр хүнсдэг байж. Намар зуны цагт хөдөө хээр ч хамаагүй хэд гурваараа тааралдвал тэр дор нь найр наадам үүсгэдэг зан одоо ч ялангуяа говийнхонд хадгалагдсаар. Эв хамтын нийгэм байгуулж байх үед бригад, суман дээр гол төлөв үзэл суртлын зориулалттай бөөгнөрөл олон зохиодог болсон нь нүүдэлчдэд биентэйгээ уулзахын баяр дагуулдаг байв. Сонин уншлага, бригадын өдөрлөг, социалист уралдааны дүгнэлт, сонгууль гээд олуулаа уулзах далим болгон цаад учир шалтгаанаасаа үл хамаараад баяр.
Тавиад оны дундуур арьс өнгөниы өвчин эдгээх кампанит ажил улс даяар өрнүүллээ. Малчид аль нэг суурин гацаанд “улаан тариа” гэж нэрлэгдсэн яр тэмбүү эдгээх тариа хийлгэх дуудлага авна. Хөгшин хөвөөгүй баяр хөөр болон аль өнгөтэй өөдтэйгээ өмсөж, дэлийг нь зассан олигтой морио унаж, гоёж гоодсон нөхөд хөөр бахархал болон давхиж ирнэ. Өнөөгийнхөн энэ явдлын тухай шоолонгуй ярьж дурсдаг. Гэвч тариа тариулах гэхээсээ биентэйгээ уулзаж ярьж хөөрөх нь өөрөө гол баяр байсан гэдгийг улам бүр иргэншиж суурьшсан бид ойлгохоосоо ойлгохгүй нь их.
Уул нь 1924 оны 11-р сарын 26 бол улс тунхагласан өдөр биш юм. Монгол улсыг 1206 онд тунхагласан. Тунхагласнаа тун удалгүй дэлхий даяар мэдрүүлсэн. Сэлмийн хүчээр тунхаглан мэдрүүлсэн. Харин 1924 онд Монголд хаант засгийг халж Бүгд найрамдах улсын засаглалтай болсон билээ. Үзэл суртал, ангийн ялгааны талаас олон янзаар өөлж болох боловч юутай ч энэ өдөр Бүгд найрамдах улс болж өөрийн Үндсэн хуулиа баталсан юм. Өнөөгийн аль ч улсад Бүгд найрамдах улсын өдрөө ихэд чухалчлан үндэсний баяраа болгодог. Ихэнх оронд үүнээ Бүгд найрамдах улсын өдөр гэж нэрлэнэ.
Өнөөгийн аль ч улс оронд ихэд олзуурхан тэмдэглэдэг баяр нь тусгаар тогтнолын өдөр билээ. Одоо дэлхий дээр оршин буй ихэнх улс гүрэн гадны колони, протектрат, эзэмшилд байсан түүхтэй учир эх орон нь дахин тусгаар тогтносон өдрийг ихэд бэлэгшээн тэмдэглэдэг юм. Монгол улс 1911 оны 12-р сарын 29-нд Манж Хятадын вассаль эрхшээлээс салан тусгаар улсаа тунхаглан зарласан юм. Социализмын үед энэ ойг үл ойшоохоор барахгүй бараг л феодлын баяр шахам юм ярьдаг байв. Харин саяхан Ерөнхийлөгчийн санаачлагаар энэ өдрийг албан ёсны баяр болгохоор шийдсэн нь юутай сайн. 2011 онд Монгол улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой болно. Монгол улсын 800 жилийн ойг өргөнөөр тэмдэглэсний нэгэн адил хэдэн жилийн дараа энэ тэмдэглэлт ойд ач холбогдол өгвөл ядахнаа л биднийг басамжлагчдад томхон цохилт болох учиртай юмсан.
Тулгар төрийн ойгоо эртний уламжлалт төртэй улс орнууд сүр дуулиантай тэмдэглэдэг. Сталинийг амьд байх үед Орос улсын 1000 жилийн ойг тэмдэглэж байлаа. Ираны шах Пахлави Персийн 2500 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байсан. Славяны ууган гүрэн болох Болгар тулгар төрийнхөө 1300 жилийн ойг ч сайхан тэмдэглэсэн. Тун эртний асуудал болохоор огноог яг олно гэж байхгүй, гэхдээ он нь барагцаагаар олддог бололтой.
Хятадууд 1912 оны Цинхайн хувьсгалын дараа эртний домгийн хаан Хуандийн төрийн 4609 жилийн ойг тэмдэглэсэн удаатай. Гэвч энэ бол барагцаалсан домог болохоос зуу зуун жилээр алдсан ч байж болох талтай дэндүү эртний улбаа ажгуу. Улс гүрнүүд өөрийн түүхээ улам урагшлуулж тоолох хандлага сүүлийн үед их ажиглагдах боллоо. Хэрэв солонгосчуудын саяхнаас ярих болсонд үнэмших юм бол тэдний тулгар төрийн түүх бараг л 4 мянган жилийн намтартай бололтой.
Эх сурвалжид дурьдсанаар нүүдэлчдийн анхны тулгар төр Хүннү улс МЭӨ 209 онд байгуулагджээ. Ингэхээр энэ он бол манай тулгар төр үүссэний 2216 жилийн ой болж таарлаа. Ингэхээр 2011 онд тулгар төрийн 2220 жил, тусгаар тогтнолын 100 жилийн ойг давхардуулан ёслол төгөлдөр тэмдэглэж болж байна. Бид эртний түүхт ард түмэн. Энэ бол бидний нэгэн бахархал. Зүй ёсны бахархал бол эрүүл үзэгдэл. Харин Чингис хаан ажил олгогч, цалин тавигч юм шигээр өөрийнхөө өвөө гэж мэтгэн хөдөлмөр хийлгүй амьдрах гэж улайрах нь аль хэр оновчтой юм бол.
Наадам тэмдэглэдэг болоод магадгүй хэдэн мянган жил болсон байх. Зуны дэлгэр цагт болдог үндэсний наадам харин цагаасаа хамаараад янз бүр нэртэй байлаа. Нууц товчоо-нд ч наадам болсон тухай бичсэн нь бий. 1640 онд Занабазарыг анхдугаар Богдоор тодруулахад түүнд Даншиг өргөн наадам зохиожээ. Дан шүг гэдэг нь бат орших гэсэн утгатай төвд үг. Даншиг өргүүлж буй цаад эзнээ мөнх наслахыг ерөөж буй шашны ёслол. Ингээд даншигийн наадам гэдгийг бараг жил болгон зохиох болсон байна. Харин 1722 онд Богд болон Хэнтий уулыг тахиж наадам хийх болсноо Арван засгийн наадам гэх болжээ.
Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж хаант улс болсон тул 1912 оноос Даншиг наадам хийхээ больжээ. Арван засгийн наадмыг Монголын сүүлчийн хаан Богд Жавзандамбыг нас барах хүртэл тэмдэглэдэг болсон аж. Наадмыг 7-р сарын 11-нд Ардын засгийн наадам нэрээр тэмдэглэж байх тухай Засгийн газрын тогтоол 1925 онд гарсан аж. Тавиад оны үеэс энэ нь аяндаа Ардын хувьсгалын ойн наадам нэртэй болон өөрчлөгджээ. 1996 онд наадмыг Монгол улс байгуулагдсаны ой гэж тэмдэглэж байхаар тогтсон боловч хойтон жилээс нь Ерөнхийлөгчийн тушаалаар хүчингүй болсон байна.
Wednesday, November 14, 2007
Баян оюутан
Урлагийн үзлэгт бэлдэнэ, 45’000 төгрөг. Хүн хөлслөх юм гэнэ. СУИС-ийн нэгдүгээр курсийн банди ирлээ. Юу ч мэдэхгүй хөдөөний хүүхдүүдэд соёл таниулах гэж байгаа аятай баахан цэцэрхэв. Би ч хошуу нэмэхээр хуруу нэм гэдэг хойно дуугүй л сууж байлаа. Номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй шүү дээ. Үнэхээр авъяастай ч хүүхэд байх юм билүү.
За тэгээд хувцас прокат цагийн 3000-5000 төгрөг, цай хоол, таксины мөнгө гээд “дуртай болохоороо” мөнгө бол урсаад л байна. Хэдэн хоног турж эцэж, туйлдаа хүртэл бэлдээд бэлдээд бас түрүүлэх магадлал ховор. Сайн лобби, шүүгчдээс найрах танил тал бас хэрэгтэй. Үүний төлөө мөнгө төлдөггүй юм аа гэхэд дараа нь магадгүй ямар нэг хэрэггүй тоглолт, лекцийн билет шахалтад “сайн дураар” оролцох шаардлагатай болно. Хээл хахуулийн бас нэг хэлбэр.
Сагсны тэмцээн гэж бас нэг шаталт. Би жилдээ нэг удаа сагсны тэмцээнээр л сагс тоглодог. Тэгэхээр яаж ч хожих вэ дээ. Бахардаж унаад “онигоотой нойлын цаас болчихвол яана” гэж бодсоор олигтой ч тоглосонгүй. Дүрмээ мэдэхгүй, улайран зүтгэсэн охидууд ганц бөмбөгнийхөө хойноос арвуулаа арзайтлаа шамбааралдаад л, муухай харагдаж байгаа юм чинь. Би тэр дунд нь хумсаа хугалж, гараа уруулан барин гуравхан оноо л авсан.
Тэмцээн тэр чигээрээ манай сургуулийн нуруулаг банди нар, үнэтэй пүүз, гар утасны загварын шоу боллоо. Багууд ерөөсөө медалийн төлөө, рекламны баг гэсэн хоёр янз. Рекламны багийхан талбай дээр бөмбөг биш, дажгүй охины төлөө тоглоно. Харин медалийн багууд бол ёстой нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байна билээ. Ингээд эзэлсэн байр ч үгүй, бүтэн өдрөө алдаад “хүзүү хоосон” харилаа. Дэмжихээр ирсэн Туяатай сонин хачин ярьснаас өөр үр бүтээл гарсангүй.
Дондог өвөөгийн лекц нөхөх тухай долоо хоног бодож, долоо хоног ярьсан. Тэгсээр байтал лекц тал дэвтэр болчихож. Яажшуухан “дэвтэр дүүрэн” цэлийсэн зайгаа бөглөнө дөө гээд явж байтал Ээгий надад надад гайхалтай сайхан зүйл мэдэж ирлээ. Мөнгө өгөөд хүнээр бичүүлчихэж болдог гэнэ. 5000 төгрөгөөр таваас арван лекц. Ингээд ангийхаа охин Ээгийтэй лекц бичих хүн хайлаа. Нэг охин олоод хэлэх гэсэн амнаас үг унадаггүй ээ. Арай гэж хөлсийг нь гомдоохгүй, лекц бичих үү гэтэл харин завгүй, “захиалгад дарагдсан” гэдэг байгаа.
Ээгий надад тусалж бид хоёр одоо хүн хайж байгаа. Гайгүй таньдаг хүүхэд байгаад сайн найрчихвал ч... Юу бичсэн, хэн бичсэн нь ерөөсөө чухал биш болохоор үг хоорондын зайг томхон аваад, төгсгөлийг нь уртхан авчихвал өөрөө ч бичсэн болно л доо. Гэвч амжихгүй. Ямар ч шаардлагагүй нэг ийм хичээл ордог. Би үр дүнгүй тэмцээн, ач холбогдолгүй хичээлийн төлөө төлбөр төлөөд явж байдаг, илүүдээ гарсан мөнгөтэй баян оюутан байгаа биз?
“Муугүй явдаг нь монголчууд юм хойно” юу юу ч үгй юм байж хүнээс дор орохгүй санаатай хамаг мөнгөө туучихдаг тал бас бий. Баяндаа ч биш, Баагий орж байхад би л дутахгүй юмсан, Баагий өмсч байхад надад л байхгүй байх вий гэж зүтгэдэг нэг “эсэргүү” зантай нөхдүүд олон. Дээр нь шоу, төрсөн өдрийн зардал, энд тэнд тавьсан өр гээд явбал хадгаламж зээлийн хоршооны өрнөөс ч урт жагсаалт гарч магадгүй. Оюутны зөвлөлийн “хиншүү ах”, алтаар цутгасан “бөмбөгөр”Алтан эгч нарын шатдаг бол юу ч биш юм шиг л санагдаж байгаа юм чинь.
Удахгүй нэг найзын төрсөн өдөр болно. Шоучин нөхөр болохоор төрсөн өдрийн бэлэг, шоуны мөнгө хоёроор давхар шатна даа. Тэгээд аятайхан юм авч өгье гэвэл дор хаяж 5000-10 000 төгрөг хэрэгтэй. Ядаж байхад “Metropolis” юм уу “Flux 365”орно гэнэ. Такстайгаа нийлээд 10 000-15 000 төгрөг хэрэг болно. Ямар таксаа төлж орчихоод дотор нь ороод уухгүй идэхгүй гээд хоолой ч үгүй ходоод ч үгүй хүн шиг суултай нь биш, юм авч л таараа. Манайхан дотор машинтай хүн байхгүй, тэгэхээр таксины мөнгө хэрэг болно. Ганцхан өдөр 20 000 төгрөг дор хаяж үрэгдэх нь. Гэтэл одоо үрэх байтугай хоолны ч мөнгөгүй сууж байдаг… Оюутнууд аа гэж.
Анужинэхийг www.news.mn -ээс бэлтгэв
Монгол орон усны нөөцөөр багавтар орны тоонд орно
-Та хэдхэн минут ус тасархаар яадаг билээ?
-Тэгвэл ус хэдхэн минут биш хэзээ ч ирэхгүй гээд төсөөл дөө-
Хүн төрөлхтөн орчин үеийн шинэ технологийн дагуу Колонайзийн буюу эсийн аргаар юуг ч хиймлээр хийж, өөрөөр хэлбэл юуг ч гаргаж авахаар болсон байгаа. Хэрвээ дэлхий дээр хонь устлаа гэвэл эсийн аргаар хонь гаргаж авч чаддаг болсон байна. Английн эрдэмтэд Дойлийн хонь гаргаж авсан, тэр нь бүр хургалсан тухай дэлхий нийтээр шуугиж байсан даа. Мөн Өмнөд Солонгосын эрдэмтэд нохойг эсийн аргаар гаргаж авсан байдаг. Тэр ч байтугай хүн хүртэл гаргаж болохыг нээгээд байна. Тэгвэл энд нэг л зүйлийг хүн төрөлхтөн гаргаж авч чадахгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна. Тэр юу вэ гэвэл УС. Хүн төрөлхтөний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол УС гэдгийг дахиад дурдая. Энэ тухай Усны хэрэг эрхлэх газрын дарга Ц.Бадрах хэлсэн байдаг.
Та хэдхэн минут ус тасрахаар яадаг билээ. Орон сууцны контор руу утасдаад л… “Ус яачихваа” гээд л бухимддаг биш бил үү. Ус тасарсан хэдхэн минутад 00-ын асуудал хэрхэн хүндэрдэг билээ. За тэгээд аяга таваг овоороод. Энэ бол наад захын хамгийн энгийн жишээ. Цаашилбал хүн хоолгүй сар амьдарч чаддаг, харин усгүй бол гурав хоногоос хэтрэхгүй, харангатаж үхдэг гэдгийг бид бишгүй л сонссдог. Харамсалтай нь үүнийг тоодоггүй. Тэгвэл та бүхэн хэдхэн минут ус тасрах биш дахиад хэзээ ч ус ирэхгүй боллоо гээд төсөөл дөө. Эсвэл одоо төсөөлөгдөж болохоор нь цөлд машин чинь унтраад хүүхдүүдтэйгээ усгүй үлдлээ гэж бод доо.
Болдог бол Улаанбаатарын бүх самбарт “Усаа хайрлаач ээ” гэж бичмээр байна. Усыг ингэж хайрлахаас өөр аргагүй байдалд ороод байгаа учраас л Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлээд байгаа юм. Гэхдээ бүх самбарыг түрээсэлж чаддаггүй юм аа гэхэд багагүй хөрөнгө зарцуулж, усаа хэмнэхийг уриалж байгаа юм. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах II төсөл “Усаа хэмнэе, ядаж шүдээ угаахдаа ч болов усаа битгий гоожуулаач” хэмээн нийслэлчүүд та бүхнээс гуйгаад байгаа нь ийм учиртай.
Монголчууд усаар элбэг гэдэг бодол аль хэдийнэ хуучирсан байна. Ялангуяа хөдөө орон нутгийнхан үүнийг багагүй мэдрэх болсон. Гол горхи тэдний нүдэн дээр алга болж байгаа хойно арга ч үгүй юм. 1990 оноос өмнө хаа сайгүй усны хэрэглээ бага байсан аж. Харин энэ үеэс хойш усны хэрэглээ эрс өссөн нь хаа сайгүй алт олборлох болсонтой холбоотой юм. Харин өдгөө нийслэлчүүд усаа хайрлах, хэмнэх аянд хувь нэмрээ оруулж байгааг сайшаамаар байна. Энэ байдал юугаар харагдаж байгаа вэ гэвэл сүүлийн үед тоолуур тавиулах айлын тоо өссөн тухай орон сууцны конторынхон ярьж байна. Улаанбаатарчууд тоолуур тавиулбал, нэгдүгээрт мөнгөө хэмнэнэ, хоёрдугаарт усаа хэмнэнэ гэдгийг ойлгох болжээ. Тун сайшаалтай хэрэг. Цоргоноос үл ялиг дөнгөж дуслах төдий усыг тоолуур мэдэрдэг нь хүнд ихийг бодогдуулдаг юм байна хэмээн иргэн Н.Туяа ярьж байна.
Энд яагаад орон сууцныханд хандаж усны тухай яриад байгаа вэ гэвэл тэд нийслэлийн усны гол хэрэглэгч юм. “Ус сувгийн удирдах газраас өдөрт үйлдвэрлэдэг усны дөнгөж хоёр хувийг гэр хорооллын оршин суугчдын хэрэглээ эзэлж, орон сууцанд оршин суугчдын хэрэглээ 73 хувийг эзлэж байна. Орон сууцанд оршин суугч нэг хүн өдөрт 290 л ус хэрэглэж байхад, гэр хорооллын нэг оршин суугч өдөрт 7 литр ус хэрэглэж байна. Орон сууцны оршин суугчид усны үнэ цэнийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байгаагаас маш их үрэлгэн хандаж байгаа. Иймээс бид иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулах, усыг зүй зохистой ашиглахад чиглэгдсэн сурталчилгааны гурван сарын аянг зохион байгуулж эхлээд байна. Манай төслийн гол зорилго бол Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Гэр хорооллын ус хангамжийг сайжруулахдаа гэр хорооллын ус түгээх байруудыг төвлөрсөн ус хангамжид холбох ажлыг хийж байгаа бөгөөд төвлөрсөн шугам сүлжээн дэх усны алдагдлыг багасгах, усыг хэмнэлттэй зарцуулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг нь төсөл хэрэгжүүлэх чухал нөхцөл болж байгаа” гэж Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн Удирдах нэгжийн захирал Л.Бадамхорлоо хэлсэн юм. Гэр хорооллын усны хангамжийг сайжруулахын тулд орон сууцныхны усны хэрэглээг зөв болгож, тэндээс хэмнэсэн усаа гэр хороолол руу татах нь нэгд, бид байгалиа хамгаалах, хоёрт усны нөөцөө хэдэн жилээр боловч уртасгах ач холбогдолтой юм шүү.
Эцэст нь нэг зүйлийг дуулгахад Монгол орон усны нөөцөөр багавтар орны тоонд орно гэдгийг дэлхийн эрдэмтэд зарлаж байна
эхийг http://www.news.mn ээс