-Та хэдхэн минут ус тасархаар яадаг билээ?
-Тэгвэл ус хэдхэн минут биш хэзээ ч ирэхгүй гээд төсөөл дөө-
Хүн төрөлхтөн орчин үеийн шинэ технологийн дагуу Колонайзийн буюу эсийн аргаар юуг ч хиймлээр хийж, өөрөөр хэлбэл юуг ч гаргаж авахаар болсон байгаа. Хэрвээ дэлхий дээр хонь устлаа гэвэл эсийн аргаар хонь гаргаж авч чаддаг болсон байна. Английн эрдэмтэд Дойлийн хонь гаргаж авсан, тэр нь бүр хургалсан тухай дэлхий нийтээр шуугиж байсан даа. Мөн Өмнөд Солонгосын эрдэмтэд нохойг эсийн аргаар гаргаж авсан байдаг. Тэр ч байтугай хүн хүртэл гаргаж болохыг нээгээд байна. Тэгвэл энд нэг л зүйлийг хүн төрөлхтөн гаргаж авч чадахгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна. Тэр юу вэ гэвэл УС. Хүн төрөлхтөний ганц гаргаж авч чадаагүй зүйл бол УС гэдгийг дахиад дурдая. Энэ тухай Усны хэрэг эрхлэх газрын дарга Ц.Бадрах хэлсэн байдаг.
Та хэдхэн минут ус тасрахаар яадаг билээ. Орон сууцны контор руу утасдаад л… “Ус яачихваа” гээд л бухимддаг биш бил үү. Ус тасарсан хэдхэн минутад 00-ын асуудал хэрхэн хүндэрдэг билээ. За тэгээд аяга таваг овоороод. Энэ бол наад захын хамгийн энгийн жишээ. Цаашилбал хүн хоолгүй сар амьдарч чаддаг, харин усгүй бол гурав хоногоос хэтрэхгүй, харангатаж үхдэг гэдгийг бид бишгүй л сонссдог. Харамсалтай нь үүнийг тоодоггүй. Тэгвэл та бүхэн хэдхэн минут ус тасрах биш дахиад хэзээ ч ус ирэхгүй боллоо гээд төсөөл дөө. Эсвэл одоо төсөөлөгдөж болохоор нь цөлд машин чинь унтраад хүүхдүүдтэйгээ усгүй үлдлээ гэж бод доо.
Болдог бол Улаанбаатарын бүх самбарт “Усаа хайрлаач ээ” гэж бичмээр байна. Усыг ингэж хайрлахаас өөр аргагүй байдалд ороод байгаа учраас л Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлээд байгаа юм. Гэхдээ бүх самбарыг түрээсэлж чаддаггүй юм аа гэхэд багагүй хөрөнгө зарцуулж, усаа хэмнэхийг уриалж байгаа юм. Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах II төсөл “Усаа хэмнэе, ядаж шүдээ угаахдаа ч болов усаа битгий гоожуулаач” хэмээн нийслэлчүүд та бүхнээс гуйгаад байгаа нь ийм учиртай.
Монголчууд усаар элбэг гэдэг бодол аль хэдийнэ хуучирсан байна. Ялангуяа хөдөө орон нутгийнхан үүнийг багагүй мэдрэх болсон. Гол горхи тэдний нүдэн дээр алга болж байгаа хойно арга ч үгүй юм. 1990 оноос өмнө хаа сайгүй усны хэрэглээ бага байсан аж. Харин энэ үеэс хойш усны хэрэглээ эрс өссөн нь хаа сайгүй алт олборлох болсонтой холбоотой юм. Харин өдгөө нийслэлчүүд усаа хайрлах, хэмнэх аянд хувь нэмрээ оруулж байгааг сайшаамаар байна. Энэ байдал юугаар харагдаж байгаа вэ гэвэл сүүлийн үед тоолуур тавиулах айлын тоо өссөн тухай орон сууцны конторынхон ярьж байна. Улаанбаатарчууд тоолуур тавиулбал, нэгдүгээрт мөнгөө хэмнэнэ, хоёрдугаарт усаа хэмнэнэ гэдгийг ойлгох болжээ. Тун сайшаалтай хэрэг. Цоргоноос үл ялиг дөнгөж дуслах төдий усыг тоолуур мэдэрдэг нь хүнд ихийг бодогдуулдаг юм байна хэмээн иргэн Н.Туяа ярьж байна.
Энд яагаад орон сууцныханд хандаж усны тухай яриад байгаа вэ гэвэл тэд нийслэлийн усны гол хэрэглэгч юм. “Ус сувгийн удирдах газраас өдөрт үйлдвэрлэдэг усны дөнгөж хоёр хувийг гэр хорооллын оршин суугчдын хэрэглээ эзэлж, орон сууцанд оршин суугчдын хэрэглээ 73 хувийг эзлэж байна. Орон сууцанд оршин суугч нэг хүн өдөрт 290 л ус хэрэглэж байхад, гэр хорооллын нэг оршин суугч өдөрт 7 литр ус хэрэглэж байна. Орон сууцны оршин суугчид усны үнэ цэнийг үнэлэх үнэлэмж хангалтгүй байгаагаас маш их үрэлгэн хандаж байгаа. Иймээс бид иргэдэд усны үнэ цэнийг ойлгуулах, усыг зүй зохистой ашиглахад чиглэгдсэн сурталчилгааны гурван сарын аянг зохион байгуулж эхлээд байна. Манай төслийн гол зорилго бол Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлж, тэдний амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Гэр хорооллын ус хангамжийг сайжруулахдаа гэр хорооллын ус түгээх байруудыг төвлөрсөн ус хангамжид холбох ажлыг хийж байгаа бөгөөд төвлөрсөн шугам сүлжээн дэх усны алдагдлыг багасгах, усыг хэмнэлттэй зарцуулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг нь төсөл хэрэгжүүлэх чухал нөхцөл болж байгаа” гэж Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төслийн Удирдах нэгжийн захирал Л.Бадамхорлоо хэлсэн юм. Гэр хорооллын усны хангамжийг сайжруулахын тулд орон сууцныхны усны хэрэглээг зөв болгож, тэндээс хэмнэсэн усаа гэр хороолол руу татах нь нэгд, бид байгалиа хамгаалах, хоёрт усны нөөцөө хэдэн жилээр боловч уртасгах ач холбогдолтой юм шүү.
Эцэст нь нэг зүйлийг дуулгахад Монгол орон усны нөөцөөр багавтар орны тоонд орно гэдгийг дэлхийн эрдэмтэд зарлаж байна
эхийг http://www.news.mn ээс
No comments:
Post a Comment